Category Archives: Улс төр

Ерөнхий сайд хууль зөрчсөн бол огцрох ёстой

Зууны Мэдээ сонинд өгсөн ярилцлага.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монголын талаар эерэг дохио очно хэмээн хууль тогтоогчид үзэж байна. УИХ-ынгишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар баталлаа. Зах зээлд ямар дохио очсон бол?

Энэ хуульд хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгье гэсэн санаа байгаа юм. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль маань гадаадын хөрөнгө оруулагчдад нэлээд сөрөг дохио өгсөн. Ингэхдээ “Ер нь Монгол Улс хөрөнгө оруулалтаа сүрхий авч үзэж байгаа юм байна. Хэр баргийн юмыг оруулахгүй юм байна, дэмжихгүй юм байна” гэсэн ойлголт өгсөн юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын гол сонирхдог салбар болох уул уурхай, бусад салбарыг хүртэл оруулаад, дээрээс нь харилцаа холбооны салбар, санхүүгийн зах зээлийг хүртэл оруулаад стратегийн салбар гэчихсэн. Энд хөрөнгө оруулвал заавал УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулдаг байх ёстой гээд хүнд суртлын механизмуудыг нь нэмэгдүүлээд өгчихсөн учраас буруу дохиолол маягийн юм байсан. Гэхдээ өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр ямар нэг арга хэмжээ огт аваагүй. Тэр утгаар нь үзвэл хууль маань осолгүй батлагдчихсан ч аваад хэрэгжүүлье гэхээр юу ч хийгдээгүй. Хүмүүсийн анхаарал нааш цаашаа хандаж, үүнийг тойроод маргаан ч юм шиг, танин мэдэхүйн чанартай ч юм шиг хэлэлцүүлэг маягийн юм өрнөөд, эцэст нь шинэ Засгийн газар яаж шийдэх вэ гэдэг нь хурцаар тавигдлаа. Шинэ Засгийн газар хөрөнгө оруулагчдыг дэмжихээ илэрхийлэх гэж энэ хуулийн төслийг өргөн бариад УИХ-аар түргэн шуурхай хэлэлцүүлж баталлаа. Нэгэнт хүмүүс өмнө нь энэ хууль буруу, бүтэхгүй гэдгийг ярьж л байсан. Хоёрдугаарт, энэ хуулийг өөрчлөгдөнө гэсэн хүлээлт байсан. Тэр хүлээлтийнхээ дагуу энэ асуудлыг шийдээд явж байна.

Continue reading

Намынхандаа УИХ-ын дарга болъё гэдгээ хэлсэн, хүлээж аваагүй

Зууны мэдээ сонинд өгсөн ярилцлага

Таныг саарал ордны­хон ажил таслаж үзээгүй, байн­га өрөөндөө сууж бай­даг гишүүн гэж онцолдог. Гэ­тэл УИХ-ын Тамгын газ­рын гаргасан судалгаа­наас харахад та ажил та­салсан гишүүдийг ман­лайл­сан байх юм. Өрөөн­дөө л байхаас биш чуул­ганы танхимд суухгүй бай­гаагийн учир нь юунд байна?

Тэр судалгааг нэг их тоохгүй байна. Хэн, ямар шугамаар яаж бүртгэсэн юм, бүү мэд. Миний хувьд хэдэн зүйл онцолж хэлье. Нэгдүгээрт, өнгөн талаа­саа УИХ-ын чуулган 10.00 цагт эхэлж байгаа. Гэхдээ товлосон хугацаанд чуул­ганы танхимд орж ирээд суудаг гишүүн УИХ-д байх­гүй. Яахав, сонгодог ут­гаар нь авч үзэхэд ажил тасалсан байна гэж болно. Тасалдаг гишүүн ч бишгүй бий. Хоёрдугаарт, цаг хугацаандаа орол­цохгүй, хуралд нь суухгүй байгаа бол түүнийг өөр талаас харж үзэх хэрэгтэй. Хэлэлцэж байгаа хуулийн төсөл, журам болоод дэг­тэй холбоотой асуудалд сэтгэл дундуур эсвэл эсэр­гүүцэж байгаа учраас хурал­даа суусангүй гэж ойлгох хэрэгтэй.

Энэ утгаараа авч үзэ­хэд Р.Амаржаргал хуралд суугаагүй нь эсэргүүцлээ илэрхийлсэн хэлбэр байжээ гэж уншиж болох юм. Гуравдугаарт, Р.Амар­жаргал гэдэг гишүүн бол чуулганы танхимд хурал эхлэхээс 5-10 минутын өмнө орж суудаг. Түрүүлж ороод суучихдаг гэсэн үг. Намайг ороод суусны дараа нөгөө том дарга нар залардаг юм. Гэсэн ч чуул­ган хэзээ ч хугацаандаа эхэлдэггүй. Хугацаандаа эхлэхгүй байгаа нь хурлын удирдлага болоод олон­хийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний асуудал. Тэдний хариуцлагын асуу­дал байхгүй юу. Түүнээс биш би өөрийгөө шийтгэж байгаа юм шиг хоосон танхимд хэдий болтол суух юм бэ. Бусдыг хүлээж суух шаардлагагүй гэж бодоод гараад явчих­даг юм. Энэ бол болж бай­гаа үйл явдал. Дөрөв­дү­гээрт, төрийн тогтолцооны тухай. УИХ түүний дотор гишүүний статусын тухай гэсэн үг. УИХ-ын гишүүн бол сонгогдсон цаг мөчөөсөө эхлээд нийт ард түмний төлөөлөл болдог субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгий­лэлд ямар нэгэн хэлбэрээр орох учиргүй. Бие даасан, хараат бус байх ёстой. Тэр хэмжээ­гээрээ ард түмний төлөөлөгч гэх үүргээ бие­лүү­лэх боломж нээгдэнэ. Үндсэн хуульд ч гэсэн тэгээд заачихсан. Гэтэл гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэх, ялангуяа захиргааны аргаар дарамтлах хандлага сүүлийн үед ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, юу ярих, юу ярихгүй байхыг нь захиргааны аргаар зааж өгч байна. Үүнийг зөвхөн өнгөрсөн намрын чуулганыг хараад хэлээд байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхээс анзаарагдсан үзэгдэл. 1990-ээд онд УИХ байгуулагдаад удаагүй байхад УИХ-ын гишүүн бол тухайн хэлэлцэж бай­гаа асуудлыг эсэргүүцэх, хурал хаях эрхтэй байлаа. Энэ нь хожим явсаар байр сууриа өөрчилж ирцээр дарамтлах шалтгаан болжээ. Төвөггүй буюу хялбар арга хайж олсон хэрэг. Уг нь УИХ-ын гишүүнээс “Яагаад хурал хаяв” гэж асуух ёстой. Хурал бол зөвшилцлийн механизм. Энэ меха­низ­мыг хэрэгжүүлэхийн оронд захиргаадлын аргаар буюу ирцээр нь барьдаг системд орсон байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд ирц гэдэг юу вэ гэхээр кноп дарагч л байхгүй юу.

Та ийм л учраас суудаггүй гэж үү?

Continue reading

Улс төрийн этикийн талаар

Гадаадад явж байх хойгуур би нэг хэсэг гишүүдтэй хамтран Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлсэн болохоо мэдлээ. УИХ зарим гишүүн(Бат-эрдэнэ аврага, даваасүрэн гм) шаардах бичиг хүргүүлсэн юм бна л даа. Уг баримт бичгийн агуулга өөр асуудал учраас үлдээе. Харин миний нэрийг надтай ярилцалгүй, миний зөвшөөрөлгүй оруулсан нь улс төрийн этик талаасаа муухай шүү гэдгийг “санаачлагатай” эрхэм гишүүддээ нөхөрсөгөөр анхааруулмаар байна.

Ер нь сүүлийн үед, ялангуяа УИХ-ын гишүүд бие биенийхээ нэрийг “зээлдэх”, картыг нь ашиглах, хэн нэгний өмнөөс санал өгөх зэрэг нь хэрээс хэтэрч байгаа.

УИХ-ын удирдлага өөрийн нам, эвсэл энэ тэрд нь ашигтай бол дуугүй, нүдэн балай чих нь дүлий өнгөрдөг хэдий ч хувийн ашиг сонирхолд нь өчүүхэн ч гэсэн халтай бол гэв гэнэт УИХ-ын хуралдааны ДЭГ гм-ийг сүрхий санаж, шаардаж, зарчимч дүрд тоглож байгаа нь гэм биш зан болсон.

Манай байдал, манай ажил нэг иймэрхүү л байгаа. Тэгээд дараа нь төр засаг сул байгаа гм олон асуудлыг түүвэрлэн “гайхан, тун харамсан” ярьж байгаа нь матарын нулимс унагаахтай адил юм.

Төр засаг хүчтэй байх хамгийн гол, урьдчилсан бөгөөд зайлшгүй нөхцөл бол улс төрчид(тодруулбал Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-н гишүүд эхний ээлжинд) хоёр нүүр гаргахгүй, хэлсэн ярьсандаа эзэн болох, эзэн байх зарчим, шалгуур гэж итгэж явдагаа энэ ялдамд илэрхийлье.

Амаржаргал .Р
2012-09-10

real slide 1

Сонирхолтой сэдвүүд

Сонирхолтой сэдвүүд

Улс төр бол эдийн засгийн төвлөрсөн илэрхийлэл гэдэг. Үүнээс ургуулан өнөөгийн улс төрийг аживал анхаарал татахуйц бишгүй олон сэдвүүд байна. Жишээ нь

  1. Засгийн газрын шинэ бүтэц, агентлагуудын бүдүүвч,
    эрх үүргийн хуваарилалтын цаана ямар улс төр байна вэ?
  2. Засгийн газрын гишүүдийн сонголтын цаана ямар улс төр байна вэ?
  3. УИХ дэхь МАН-ын бүлгийг  ”хясах” үйлдэлийн цаана ямар улс төр байна вэ?
  4. УИХ-ын дарга томилохдоо яарч сандарсаны цаана ямар улс төр байв?
  5. Н.Алтанхуягийн олон удаа давтаж буй “дундын зовлон шүү” гэсэн үгны цаана ямар улс төр байна вэ?
  6. УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улс төр.
  7. Шинэчлэлийн төлөө засгийн газар бүрдлээ гэж хэвлэлээр шуугиулж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
  8. Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсаны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь ямар улс төр вэ?
  9. Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шилжүүлж байгаагийн цаана ямар улс төр байна вэ?
  10. Засгийн газрын дотор “мини засгийн газар” байгуулах гэсэн зарим сайдын оролдлого юунд хүргэх вэ?
  11. Биокомбинат, дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын асуудал Ерөнхий сайдын анхаарлыг яагаад татаад байна вэ?
  12. Засгийн газрын бал сар гэгдэх эхний 100 хоногт ямар реформ хийх бололцоотой вэ?
  13. УИХ-ын байнгын хорооны шийдвэр 6 гишүүний ирцтэй, 4 гишүүнээр шийдэгдэх дэгтэй болсон нь дэвшил үү, ухралт уу?
  14. Таван толгой, Оюу толгой асуудлаар “эх оронч” царай гаргаад байсан эвсэл байр сууринаасаа ухрах чиглэл, аргументууд ямар байх бол?
  15. МАН конструктив сөрөг хүчин байх магадлал бий юу?

г.м маш олон сэдэв байна.

Rinchinnyam Amarjargal

ҮЗХ дээр хэлэх үг: Тезис /2012 оны 7 сарын 16/

2012 оны 7 сарын 16 ны ҮЗХ дээр хэлэх үг

 

Тезис

АН эвсэх, эвслийн засгийн газар байгуулах тухай ярьж байна. Яагаад эвсэх асуудал тавигдах болов? Олонхи болж чадаагүй, өөрөөх хэлбэл 39+ суудал авч чадаагүй. Гол өрсөлдөгч нам нь хагарч бутарсан, салж сарнисан байдал нь АНамд түүхэн бололцоо олгосон. Харамсалтай нь эл бололцоог “чулуу” болгож чадсангүй.

Яагаад, ямар хүчин зүйл нөлөөлөв? Дотоод буюу намын талаас 2 зүйлийг чухалчлан тэмдэглэж байна. Өөр бишгүй олон хүчин зүйлсийг та нар нэмэх биз.

Нэгд, улс төрийн тулгуур намын хувьд ардчилсан хүчнийг нэгтгэн нягтруулах талаар нам юу ч хийсэнгүй. Энэ сонгуульд 10+ нам эвсэл оролцсон. Эдгээр намуудын зармыг нь нэгтгэх, хамтран ажиллах, ардчилсан хүчний өргөн жигүүр фронт байгуулах чиглэлд өнгөрсөн 4 жилд ямар ч идэвх санаачлага АН зүгээс гараагүй.  Энэ бол намын дарга шууд хариуцах ёстой үйл ажиллагааны үндсэн үүрэг байсан.

Ер нь намын даргаа солих халах асуудал З.Энхболд, Х.Баттулга и Со., 4 жил тасралтгүй тавиж байсан нь намын даргыг албан тушаалдаа үлдэх тухай л бодохоос өөр зүйл бодох сөхөө өгөөгүй. 4 жил намын дарга аа “нүдсэний” үр дүн нь – нэр хүнд нь навс унасан: түүний очсон хөдөөгийн тойрог бүрт намын болон намаас нэр дэвшигчдын рейтинг унаж байсан. Намын даргыг нийслэлийн аль ч дүүрэгт уулзалтан дээрээ аваагүй бөгөөд харин ч ойртуулаагүй тулдаа хэдэн санал авсан. Намын даргын шадар сайдын хувьд хариуцаж байсан иргэний бүртгэлийн асуудал хүртэл туйлын замбраагүй байсан учраас АН, түүнээс нэр дэвшигчид “царцааны нүүдэлд” автагдан багагүй хохирол хүлээсэн. Нэг иймэрхүү гунигтай дүр төрх. Биднийг тайвшруулах зүйл гэвэл – МАН-ын дарга явсан газар ч гэсэн тэдний рейтинг унаж байсан.

Намын даргын хамт намын генсекийн ажил бас яригдах ёстой. Генсек мундаг ажилласан гээд байгаа ч энэ дүгнэлт нь түүний өөрөө өөртөй өгсөн, пиараар буй болгосон имидж юм. Ер нь намын дарга, генсек нар өөрийн имидж бүрдүүлэх чиглэлд намын хөрөнгө нөөцийг ашиглан чамгүй ажилласан хэдий ч – хамгийн хүнд биш юм аа гэхэд аюулгүй тойрогт очоод нэр дэвших хэмжээнд очсонгүй. Зориг нь хүрээгүй. Ер нь жагсаалтаар нэр дэвшсэн эхний 6 бол “хулхи” лидерүүд бололтой – харин очиж очиж эднээс Бурмаа, З.Энхболд хоёр л гайгүй байсан.

АН-ын удирдлага болох ҮЗХ нь ялсан намын удирдлага байх дүрмийн шинэчлэлийг 4 жил ярилаа. Ард түмнээс мандат авч үзээгүй хүмүүсийн цуглууллага нь улс орны хувь заяаг шийдсэн шийдвэр гаргадаг байж болохгүй. Сум дүүрэг, аймаг, нийслэл, УИХ-ын аль нэгэн шатанд иргэдээсээ мандат авсан хүн л ҮЗХ бүрдүүлэн шийдвэр гаргах ёстой гэсэн намын дүрмийн шинэчлэлийг генсек гарган хийх ёстой байсан. Энэ ажиллаа хийж чадаагүй. Намын эгнээг өргөжүүлэх системтэй ажил – байхгүй, намын ажлын шинэ хэлбэр, арга барил, шинэ агуулга юу байв гэхэд – хэлэх зүйл тун ч хомсхон. 5 жилийн өмнөх ард түмнээ сонсье гэсэн аянг – монгол хүн 2020 гэж – нэр өөрчилж давтсанаас өөр зүйл байна уу?

Сонгуулийн штаб, түүний өрнүүлсэн суртачилгаа туйлын хангалттгүй байсан. Хэдэн клипээс өөр зүйл байгаагүй. Зарим клип нь санал авчирах биш харин ч нийгмийн нэг хэсэг страта-г түлхсэн. Дэвшүүлсэн уриа ч туйлын эргэлзээтэй байсан юм. Харин Оюундарь мэдээны  нэвтрүүлэг дээр очиж өнгө агуулгыг нь сайжруулсан.

Хамгийн харамсалтай нь нийгмийг нэг зүгт чиглүүлэх сэдэвгүй сонгууль болсон. Өмнөх сонгуулиуд хүүхдийн мөнгө, эрдэнийн хувь  гм улсын хэмжээний сэдэвтэй байсан. Энэ удаа содержательный сэдэв байгаагүй. Харин нийслэлд нэр дэвшсэн хэд хотын асуудлыг сэдэв болгож – аврагдсан. Нийслэлийн сонгуулийг БатҮүл маш зөв залж (сэдэвтэй, дайчин давшингүй хэрнээ тогтуун гм) намын лидер хүн ямар байх ёстойг биечлэн харуулж үнэмлэхгүй ялалт байгуулсан. Харин төв намаас түүнд тус болохоосоо саад хотгор учруулах нь илүү байсан байх.

Ямар ч болсон, угаасаа манайд байж байдаг 35 хувийн санал намын дарга генсек, штаб удирдсан дарга нарын “мэргэн, далайцтай сонгуулийн компани” зохион байгуулалтын дүнд сөөм ч нэмэгдээгүй. Гэтэл бялуу хуваалтанд тойрогт нэр дэвшиж хөлсөө гойжуулаагүй, жагсаалтын дарга нар тодорч байгаа нь олны нүд анхааралаас гадна үлдээгүй байх.

За яахав, эл бүгдийг субьектив, мелочи жизни гэж бодье. Зайлшгүй анхаарах ёстой  Обьектив процесс бас байна.

Хоёрт, сэтгэл түгшээсэн хандлага илэрч байна. Сонгуулийн дүнгээр АН 35, МАН 32, МАХН-ын эвсэл 25 хувийн санал авлаа. Эндээс үзвэл а\ АН тасархай байна гэдэг худлаа байж, ердөө л 3 пунктын зөрүү, б\ АН болон МАН нэр хүнд маш их унасан байна. Үүний учир шалтгааныг маш сайн судлах хэрэгтэй байна. (МАНАН гм түмэн юм байгаа)

Хэдий АН олууллаа ялах санал тависан ч сонгогчид хүлээн авсангүй. Харин ч аль ч намд олонхи өгөөгүй нь улс төрийн намууд, тэр тусмаа улс төрийн 2 голлох намд итгэл алдуурч байгаагын илэрхийлэл. МАХН эвсэлийн амжилтыг бас хэтрүүлэн үнэлэж болохгүй. 3 дэхь хүчний орон зайг эзлэж байсан ИЗН зохиомол “хүлэмжийн ургамал” байсан гэдэг нь нотлогдож, харин МАХН-ын эвсэл бодиттой 3 дэхь хүчин болох бололцоотой боллоо. Гэхдээ АН-тай эвсэн нөхцөлд 3 хүчний орон зай яах бол гэсэн асуулт байна.

Ямар ч болсон ард түмнээ байлдан дагуулах нам алга, ард түмэн хүрэх, нэгтгэх хөтөлбөр аль ч намд алга, нэгэн үзүүрт сэтгэлтэй хөтлөх лидер алга нам алга гэдэг нь харагдсан. Гэхдээ сонгуулийн дүн өнөөгийн монголын дүр төрхийг илүү бодиттой илэрхийлсэн гэж би үзэж байна. Тиймээс, ёстой нөгөө ХААН сонголт байж магадгүй юм. Ямар x болсон миний ойлгож байгаагаар улс төрийн намууд бүгд л “муу” дүн авчихлаа.

Энэ нөхцөлд улс төрийн намуудыг татан буулгах, шинээр эмхлэн байгуулах, сонгодог парламентын тогтолцоонд нэн яаралтай шилжих, олон жил яригдаж байгаа үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх зэрэг тоотой хэдэн асуудлыг энэ УИХ жилийн дотор консенсусын аргаар шийдэж улмаар тарах ёстой гэж би үзэж байна.

Гүйцэтгэх засгийн хувьд АН нь аль нэгэнтэй нь эвсэх биш харин 3 намаас бүрдсэн засгийн газар байгуулах ёстой бөгөөд ингэхдээ зөвхөн Ерөнхий сайд нь УИХ гишүүн байх зарчим баримтлах, Засгийн Газрын гишүүдийн харьцаа нь 50-30-20 байхаар шийдэх ёстой.

Ингэж байж л УИХ, ЗГ-ын тогтвортой байдал хангагдаж нийгэм амар тайван байх болно гэж үзэж байна.