Гарцгүй бол Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гурав явсан нь дээ

-Монголчуудын хувьд өнгөрсөн он халуухан үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Ялангуяа улс төрийн хүрээнд чамгүй олон үйл явдал өрнөсөн. ЖДҮ-г тойрсон асуудал, МАН-ын хагарал төрийг гацаасан зэрэг улс төрийн талцал үргэлжилсээр л байна. Та өнгөрөгч жилийн улс төрийг өнгийг дүгнэж хэлбэл?

-Өөрийн тань хэлсэнчлэн улс төрийн хувьд хагаралтай жил байлаа. Нөгөө талаас ялангуяа улс төрийн хүрээний болж бүтэхгүй зүйлс ил гарсан гэж 2018 оныг дүгнэж болно. Асуудлыг хэн ямар өнцгөөс харж байна түүгээрээ л дүгнэх байх. Болсон үйл явдлуудыг жагсаагаад харвал өөрийн эрхгүй анхаарал татахаар хэд хэдэн зүйл ажиглагдлаа. Нэгдүгээрт, ард түмний хүлээлгэсэн асар их итгэл найдварыг эрх баригч нам дааж чадсангүй. Төрийг барих том үйл хэрэгт үндсэндээ бэлэн биш байжээ. Удирдлагын хэмжээнд ч тэр, түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ч тэр бэлэн биш байж. Энэ бүхэн нь МАН төрийн ажилд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүйтэй холбоотой. Аливаа сонгуульд улс төрийн намууд боловсон хүчнээ сонгож нэр дэвшүүлдэг. Гэвч энэ ажлаа намууд хийсэнгүй. Улс төрийн намууд боловсон хүчнээ бэлтгэж чадаагүй нь нам өөрөө бүрэн гүйцэд төлөвшөөгүйг харуулж байгаа юм. Шинэ зууны эрэлт хэрэгцээнд дүйцэхүйц ажиллах чадвар алга. Хоёрдугаарт, улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхой бус  байна. Намынхаа эрхэм  үнэт зүйл юу вэ гэдгийг өөрсдөө ойлгож ухамсарлаагүй нь дээрхтэй холбоотой.

-Намууд энэ бүх алдаагаа засч, залруулж амжаагүй байтал 2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Дахиад л ийм байдал бий болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр үлдсэн хугацаанд улс төрийн намууд төлөвшиж чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй. Нэн түрүүнд юунд анхаарах вэ?

-Нэгдүгээрт, улс төрийн намууд зүг чигээ маш тодорхой болгох шаардлагатай байна. Үүндээ тулгуурлаж боловсон хүчний бодлогодоо хариуцлагатай хандах цаг нь болсон. Ялангуяа боловсон хүчнээ сонгох, сургах, дадлагажуулах чиглэлийн ажлуудыг нэлээд чамбай хийж, улс төрийн сонгуульд оруулахгүй бол дээрх алдаа давтагдана. Хоёрдугаарт, олон нийтийн зүгээс улстөрчдөд тавих хяналт, шаардлагаа чанаржуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгогчид улс төрийн намуудыг арай өндөр төвшинд гаргаж ирдэг болмоор байна. Мөн улс төрд орж байгаа хүмүүсээс бид юу шаардаж, юуг нь чухалчилж харах уу гэдгээ тодорхой болгох ёстой. Уран цэцэн ярьж байгаа нэгнийг дагаад намирах уу эсвэл хэдэн цаасаар саналаа худалдаж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөх үү гэдэг асуудалд ч өөртөө шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Улс төрийн намуудыг шинэ төвшинд гаргахад хүн бүрийн оролцоо шаардагдана. Сонгогчдын ч тэр улс төрийн намуудын аль алиных нь  хариуцлагын асуудал.

-2016 оны сонгуулиар төр тогтвортой байг гэж Монголын ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Харамсалтай нь тийм байж чадсангүй, 65 суудалтай олонхийн “галзуурал” болж хувирлаа. УИХ-ын даргыг огцрохыг шаардаж 40 гишүүн чуулганы үйл ажиллагааг бойкотлож байгаа нь улс төрийн зохистой акц мөн үү?

-УИХ-ын гишүүнийхээ хувьд чуулганы хуралдаандаа суух нь тэдний үүрэг. Өнөөгийн үүссэн  асуудлыг шийдэхийн тулд эсэргүүцээд байгаа 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийг нь санаачлаад хэлэлцвэл асуудал шийдэгдэнэ. Хуулиа санаачлахгүй өнөөг хүрсэн нь үүний цаана өөр ашиг сонирхол байна уу гэдэг хардлагыг төрүүлж байна.

-УИХ-ын даргыг хүчээр шахаж гаргах гэж оролдох нь ёс зүйгүй харагдаж байна гэдгийг зарим судлаач хэлж байгаа?

-Хуулийн дагуу бүх зүйл явах ёстой. Хууль тогтоох дээд байгууллага нь гарцаагүй УИХ. Тэгэхээр УИХ нь өөрөө хуулиа санаачилж асуудлыг шийдэх байтал төрийг ажлыг гацааж байгаа нь тун хариуцлагагүй явдал.

-Парламентын үйл ажиллагааг гацааж байгаа ийм үйл явцыг та анх удаа харж байна уу?

-Үгүй дээ. Өмнө нь ч гэсэн болж байсан үйл явц. Гэхдээ тухайн үед асуудалд шийдэл гаргая гэдэг сонирхол нь давамгайлсан учраас богино хугацаанд асуудлаас гарсан.

-УИХ одоо тарсан нь дээр, өөх ч биш булчирхай ч биш байж байхаар тарсан нь дээр гэж  УИХ-ын  гишүүд болон олон нийт хэлж байгаа. Таны харж байгаагаар УИХ тарах нөхцөл бүрдсэн үү?

-Энэ талаар Үндсэн хуульд  маш тодорхой заачихсан. Хуулийн заалтыг үг, үсгээр нь ягштал дагах ёстой. УИХ тарахад шийдэл байгаа эсэх, мөн ямар үр дагаварт хүргэх үү гэдгээ зайлшгүй бодох хэрэгтэй. Энэ нь төрийн дархлааны тухай асуудал юм л даа. Магадгүй УИХ ийм шалтгаанаар тарлаа гэхэд дараа нь өөр өчүүхэн шалтаг гаргаж УИХ-аа тараадаг дадал бий болчих вий. Өнөөдөр гаргах шийдвэр  хожим нь  ямар үр дагаварт хүргэх үү гэдгээ  улстөрчид сайтар боддог байх ёстой хүмүүс. Харамсалтай нь ийм хэмжээнд бэлтгэгдсэн нөхдүүд алга.

Одоо хоёулаа танай намын талаар ярилцъя. Та саяхан намынхаа дэд даргаар сонгогдсон. Намаасаа хэсэгтээ хөндий байсан таны хувьд энэ албан тушаалыг хүлээж авах шалтгаан байсан болов уу?

-“Алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэгчийн адил байхыг би хүссэнгүй. Би АН-д тодорхой хэмжээгээр өртэй гэж өөрийгөө боддог. АН-ыг үүсгэн байгуулахад гардаж оролцсон хүний нэг гэж өөрийгөө хэлнэ. Яагаад гэвэл 2000 онд тав, зургаан нам нэгдэж өнөөдрийн АН-ыг байгуулахад хамгийн том нам болох Монголын үндэсний ардчилсан намыг би даргалж байсан. Манай нам санаачлага гаргаж, энэ намыг байгуулсан. Тиймээс АН миний хүүхэд гэж хэлж болохоор нам. Хоёрдугаарт, өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг хараад улс төрийн намуудыг бэхжүүлэх нь чухал гэж үзсэн. Мөн улс төрийн намууд дотор АН сайн, муу ч өөрийгөө харуулчихсан нам. Сайн талаа ч, саар зүйлээ ч харуулсан. Өнөөдөр МАН-ын байр суурь нэлээд ганхчихлаа. АН, МАН-ыг гэрийн хоёр баганатай адилтгавал МАН ганхахад АН бат бөх суурьтай байх нь том хариуцлага. Үүнийг давхар бодсон.

Эцсийн шалтгаан нь Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг АН  ашиглах ёстой гэж үзсэн учраас дэд даргын албан тушаалыг хүлээж авсан.

-Сонгуулийн өмнөх жил намын удирдах албан тушаалыг хашихад маш их хариуцлага шаардагдах нь тодорхой. Улс төрийн намууд үнэт зүйлгүй, төлөвшөөгүй гэдгийг ярианыхаа эхэнд та дурдлаа. Тэгвэл энэ бүхнийг намдаа хэрхэн бий болгох вэ?

-Өнөөгийн улс төрийн намууд засгийн эрхийг авахаа эцсийн зорилгоо болгож болохгүй. Улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг өөдтэй өнгөтэй байлгах гэсэн ийм л зорилго руу намууд тэмүүлэх ёстой. Хэрвээ намуудын үйл ажиллагаа ард түмний амьдралыг сайжруулж, Монголын төрийг бэхжүүлж, нийгмийг цэвэршүүлэхэд чиглэгдэхгүй бол заавал сонгуульд оролцож нийгмээ бохирдуулах хэрэг байхгүй. Хэрвээ сонгуульд оролцсон бол үр дүнд нь нийгэм нэг урагшаагаа алхаж, эдийн засаг өсч, Монголын төр улам бат бөх болох ёстой. Энэ том зүйлээ харах нь чухал. Түүнээс бус улс төрийн сонгуульд ялах, ялагдах эсэх нь гучдугаар асуудал. Энэ санаагаа би намын удирдлагууд, гишүүддээ  ойлгуулахыг зорьж байна.

-Өнгөрсөн хугацаанд ардчилсан намд шинэчлэлт хийгдсэн гэж их ярьдаг. Та бодит байдлыг дотроос нь харахад танай намаас  шинэчлэл ханхалж байна уу?

-Байна. Ялангуяа бүтэц зохион байгуулалтын хувьд нэлээд бэхэжсэн нь ажиглагдлаа. Мөн намын Үндэсний бодлогын хорооны бүтэц маш залуужсан. Үүнийг би олзуурхаж байгаа. Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүн дотор 50-иад оны регистрийн дугаартай гишүүн дөрөвхөн, 60-аад оныхон 70 орчим, бусад нь дандаа залуучууд. Ид хийж бүтээх насны залуусын эрч хүч, эр зориг, тэмүүлэл, энерги гэж байна. Энэ бүхнийг зөв залах нь бидний үүрэг гэж харж байгаа. Мөн анх удаа нийт гишүүдээсээ санал авч намын даргаа сонгосон нь шинэчлэлийн үр дүн.

-Тэгвэл сул тал харагдав уу?

-Зүг чиг баримжааны асуудал. Оны өмнө болсон  намын Их хурлаараа үзэл баримтлалаа хэлэлцэж баталлаа. АН барууны төв нам гэдгээ зарласан. Энэ бол том алхам. Цаашид намынхаа үзэл баримтлалыг нийгэмд болон намын гишүүддээ түгээх асуудлыг сайтар зохион байгуулах шаардлага байна.

-С.Эрдэнэ АН-ын дарга болсноор гишүүдээ дураараа хөөдөг, хасдаг, хувийн компани нь болсон мэт аашилж байна гэх шүүмжлэл гардаг. Ялангуяа ардчилал гэсэн тодотголтой намын хувьд гишүүдээ хасах нь хэр зохистой юм бэ?

-Компанийн нам болсон гэдэг шүүмжлэл өнөөдөр гэнэт гарсан үг биш. Их олон жил яригдаж байгаа. Шуудхан хэлэхэд, өнөөгийн 20 гаруй жил улс төрийн намууд дотор компанийн нам цөөнгүй бий. АН арай ч бас компанийн нам тэр тусмаа хувь хүний нам болчихоогүй. Намын дүрмийн заалтууд чамбайрсан. Энэ дүрмийнхээ дагуу улс төрийн тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж би ойлгосон. Манай намын дүрэмд гишүүнээ хөөнө гэсэн заалт байхгүй. Харин намын бүртгэлээс нь хасна гэсэн нэр томьёо л бий. Бүртгэлээс хасах шийдвэрийг манай намын Үндсэн дүрмийн хороо гаргадаг. Эндээс гарсан шийдвэрийг албажуулдаг нь намын дарга. Гаднаас нь харахад С.Эрдэнэ дарга гишүүдээ хөөчихсөн мэт харагдаж байгаа боловч үүн дотор процедурын шинжтэй зүйлс бий. Үндсэн дүрмийн хороо зөв шийдвэр гаргасан уу гэдэг нь өөр асуудал. Би хэлж мэдэхгүй байна. Хувь хүнийхээ хувьд би болсон явдалд харамсч байгаа. Л.Болд гишүүн АН-ын төлөө явсан хүний нэг нь гарцаагүй мөн.

Л.Болд АН-д гай тарихаар эсвэл АН-д муу зүйл хийх хүн биш. Л.Болдыг хэзээ ч ардчиллын эсрэг явахгүй гэдэгт би бат итгэлтэй байгаа. АН ч гэсэн Л.Болдыгоо хүндэтгэдэг. Асуудал яваа яваандаа жигдэрнэ гэж бодож байна.

-Хэрэв Л.Болд гишүүний бүлгээсээ гарах хүсэлт нь баталгаажвал УИХ-д АН бүлэггүй болоход хүрнэ?

-Энэ нь манай намд шинэ зүйл биш. Өмнө ч гэсэн АН бүлэггүй болж зөвлөл байгуулж л байсан.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлох, шударга бус байдлыг таслан зогсоох зорилгоор “Нэгдмэл Монгол хөдөлгөөн” байгуулснаа оны өмнөхөн зарласан. Магадгүй цаашид нам байгуулж, АН-аас тусгаарлах нь гэсэн хардлага ч олон нийтийн дунд байна. “Нэгдмэл Монгол хөдөлгөөн” байгуулсныг нь та хэрхэн харж байна вэ?

-Шинэ хөдөлгөөнүүд бий болох тусмаа сайн. Нийгэм гэсэн энэ том талбарт улс төрийн намуудын эзлэх орон зай, төрийн бус байгууллагууд, эвсэл, хөдөлгөөнүүдийн орон зай гэж бий. Цаашид энэ орон зайг улам тэлж өгөх ёстой. Тэдэнд улс төрийн болон нийгмийн шинжтэй  эрх, үүргийг нь илүү их шилжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал улс төрийн намууд үндсэн гол бодлогын асуудалдаа төвлөрч ажиллах боломж нь бүрдэнэ. Эцсийн дүндээ шинээр бий болсон хөдөлгөөнүүд Монголыг сөнөөе гэсэн зорилготой байгуулагдаагүй нь лавтай. Тэд улс төрийн намуудын хараагүйг олж харвал сайн хэрэг.

-Судалгаагаар танай намын рейтинг ямар байна вэ?

-Гайхамшигтай өндөр биш. Сөрөг хүчний рейтинг 30 гаруй хувьтай байна гэх хуучны ойлголт хэвээр байх шиг байна. Өөрөө ч гэсэн энэ өнцгөөс нь асууж байгаа болов уу. Одоо энэ цаг үе өнгөрсөн. 10 гаруй хувьтай байна гэдэг хамгийн бодитой илрэл гэж бодож байна. Ямартай ч МАН-аас өндөр рейтингтэй байгаа. Гэлээ гээд баярлах зүйл биш.

-Магадгүй МАН-ын ганхалт танай намд илүүтэй орон зайг бий болгож байгаа болов уу?

-Улс төрийн намууд бүгд адилхан гэсэн хандлагаар МАН-д болж байгаа зүйлийг АН-д нялзаах тал байна. Гэхдээ бодитой өрнөж байгаа үйл явцаас зугтах арга байхгүй. Энэ тохиолдолд яаж илүү их сэтгэх үү, үйл ажиллагаагаа хэрхэн зөв зохион байгуулах уу гэдгээ бодох нь чухал.  Түүнээс биш энэ ингэлээ гээд гомдол мэдүүлээд суух цаг нь биш.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөлөө.Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе?

-Төгсгөлд нь Х.Баттулга, У.Хүрэлсүх, М.Энхболд гуравт хандаж хэлье. Хэрвээ чи шийдэл биш бол чи өөрөө асуудал. Та гурав шийдэл олж чадахгүй байгаа бол асуудал нь та гуравт байна гэсэн үг. Үүнийг л сайтар бодож, тунгааж ажиллацгаа. Хэрвээ өөрсдөө асуудал бол тэр чигээрээ эртхэн шиг явсан нь дээр байх. Эцсийн эцэст төрийн өндөр албан тушаалд яах гэж, юуны төлөө очсон юм гэдгээ гурвуулаа бодоцгоо. Та гурав бол нийгэмд гарц буй аливаа асуудлын шийдэл нь байх ёстойгоос өөрсдөө асуудал үүсгэдэг нөхөд байж огт таарахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *