Ардчилсан нам С.Батболдын биш, Айвенхоу майнзын Засгийн газраас гарч байгаа юм

УИХ-ын гишүүн,  Ард­чилсан намын МҮДН фракцийн тэр­гүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-МҮДН фракц албан ёсоор фракц болсноо зарласны учир юу вэ?

-Ер нь үүх түүх талаа­саа бас их сонин юм бай­даг юм л даа. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр улс төрийн нам, хөдөлгөөнүүд өөр өөрийн чиглэл, үзэл ба­римт­лалтайгаар үүсч байсан. Тэр дотроос Шинэ дэвшилтэт холбоо,  Монголын Үндсэний дэвш­лийн нам гэж  бай­гуул­лага үүсч гарч ирэх­дээ бусдаасаа арай өөр харагдаж байсан юм. Ерөн­хий цөмийг нь эдийн засагч нар бүрдүүлж бай­сан. Бид  хуучин нийгмийг  засварлах тухай ойлголт байхгүй, цоо шинэ эдийн засаг, улс төрийн тогтол­цоо бүрдүүлнэ гэж ярьж байсан. Тэр нь  зах зээ­лийн эдийн засаг буюу  шууд капиталист эдийн засаг байх тухай  юм. Бусад нь социализмыг төгөлдөржүүлэх, боловс­ронгуй болгоно гэсэн юм яриад байсан л даа. Бид­ний хувьд хувийн өмч дээр тулгуурласан чө­лөөт,  үйлдвэрлэл дээр тулгуурласан  зах зээ­лийн эдийн засгийн тог­толцоо буюу капиталист эдийн засгийг бий бол­гоно гэсэн асуудал тавьж, улс төрийн  хүрээнд бол төлөөллийн ардчилал буюу парламентын ард­чи­лал байна гэдийг гар­гаж тавьж байсан. Тухайн үед энэ нь олны анхаа­рал татаж байсан.

Тэгээд явсаар үйл яв­дал өрнөж 2000 оны 12 дугаар сарын 6-нд улс төрийн намууд нэгдэж нийлээд Ардчилсан нам үүсч байсан.  Ардчилсан намын үндсэн баримт бичгийг  боловсруулахад  бид идэвхтэй оролцсон. Тэр дотор гол гол үзэл санаанууд тусгагдсан юм.

Ардчилсан намын тул­гуур үнэт зүйлс, эрхэм зорилго, үзэл баримтлал гэж гурван үндсэн хэсэг бий. Тэр гурав дотор үнд­сэн­дээ барууны чиглэ­лийн үзэл санаанууд маш тодорхой тусагдсан байдаг. Тэр бүгд одоо алдагдчихаад байна. Тий­мээс үүнийгээ дахин сэргээе. Үндсэн үзэл ба­римтлал дээрээ эргэж бууя гэсэн санаа дэвшүү­лээд байгаа юм.

-Яагаад алдагд­сан гэж…

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл  явдлыг  эдийн засгийн талаас нь  хара­хад халамжийн хавт­гайр­сан бодлого газар сайгүй явчихлаа. Ажил хөдөл­мөр хийхгүй байж бай­гаад амар, хялбар амьд­рах гэсэн сонирхол  асар их газар авлаа. Үүнийг бид аюулын харанга дэл­дэх хэмжээнд хүрлээ гэж үзээд байгаа юм.  Эцсийн дүндээ монголчууд бид төр засаг руугаа харсан өглөг горьдогсод болж хувираад байна. Эрх чө­лөө­гөө хямдхан худал­даад байна.

Ардчилсан нам дотор болж байгаа үйл явдлыг харах юм бол танигдахаа больсон. Хэзээ Ардчил­сан нам ийм байлаа. Дай­чин байсан, давшин­гуй байсан. Байнга ши­нийг сэддэг байсан. Тэр нь зөв, буруу гэдэг бол өөр асуудал. Сэдсэн шинэ зүйлээ нийгэмд таниулж явдаг байсан. Энэ шинж чанарууд үнд­сэндээ байхгүй болсон.

Одоо унжийсан, үлбийсэн, хүн танихын аргагүй шахуу болж. Сая харин манай ҮЗХ-ны хурал телевиз, хэвлэлээр шууд гарсан. Хүмүүс дараа нь утасдаж,  мессэж явуулах­даа  “Ардчилсан нам буцаж ирлээ” гэсэн байна лээ. Энэ талаас нь аваад үзсэн ч бид гол  зарчмаасаа ухарсан учраас баримжаа байхгүй болчихсон. Хүний сонсъё гэсэн,  хүний чихэнд таалагдсан юмыг л дуугардаг  өөх биш, булчирхай ч биш оноо цуглуулсан л байгууллага болж хувирлаа. Өөрийн гэсэн зарчим, бодлого, шугамтай, тэр шугам дээрээ тууштай зогсож чаддаг нам байсан.

-Энэ байдлыг МҮДН фракц  яаж өөрчилнө гэж?

-Гол санаа нь энэ намын дүрэмд  байгаа үндсэн үзэл баримтлал, тулгуур үнэт зүйлсээ сэргээе.  Намын бодлогыг намын удирдах дээд байгууллага, ҮЗХ, ГЗ, эсвэл УИХ-д  нийгэмд өрнөж байгаа асуудлууд, УИХ-аар хэлэлцэж хуулиуд  дээр намынхаа үндсэн үзэл баримтлал  байр суурин  дээрээсээ хандаж байя гэсэн санаа юм. Энийгээ л хэрэгжүү­лэх юмсан гэж бид хэлээд байгаа юм.

-Танай фракц АН дотроо тийм хүчтэйд орно гэж үү. Гишүүн цөөнтэй санагдах юм?

-Тиймээ. Манайх хүн цөөнтэй,  хэзээ ч тэгж олонхиор түрий барьж ирээгүй л дээ. Бид асуудлуудыг гаргаж тавьж, намын гишүүддээ хандъя гэсэн юм. Зөв юм ярьж байгаа бол дэмжигдээд л явна. Биднийг хэрвээ буруу юм ярьж байна гэх юм бол дэмжигдэхгүй.

-Саяхан болсон ҮЗХ-ны хур­лын үйл явцыг та юу гэж дүгнэх вэ?

-Нэг асуудал байгаа юм. Суурь юмаа барьж явах ёстой. ҮЗХ-г зүгээр нэг зохион байгуулалттай байгуул­лага  гэж хандах юм бол нэг ондоо. Энэ намын их хурлуудын хооронд эрх барих дээд байгууллага.  Тул­гуур үнэт зүйлс  хэр хэрэгжиж байгаа вэ. Бид энэнээсээ гажиж байна уу, хадуураад явчихсан уу, энэ бүх асуудлыг харж, хянаж, үнэлэлт дүгнэлт өгч байх ёстой, байгууллага бол ҮЗХ.

Бид чинь суурь юм руугаа ердөө орж өгөхгүй эцсийн эцэст албан тушаалын, зохион байгуулалтын асуудал шийддэг байгууллага  бол­гож хувиргачихаад байгаа учраас авахад хэцүү, хаяхад хэцүү, мар­гаан гэхэд хэцүү, хэрүүл ч гэхэд хэцүү юмнаас салж чадахгүй байна л даа. ҮЗХ бол бодлогоо барьж байх ёс­той. Үүндээ тулгуурлаад өрнөж байгаа үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгдөг байх ёстой.

-Хамтарсан засгаас гарах ту­хай танай фракц ярьж эхэлсэн. Энэ бас асуудлыг хурдасгачихав уу?

-Үгүй байх аа. Өмнө нь зөндөө л яригдаж байсан шүү дээ. Асуудлын гол нь засгаас гарахдаа байгаа юм уу, эсвэл өөр юм байна уу. Өнөөгийн Засийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа нь өөрөө нийгмийн эрх ашигт хэр нийцэж байгаа юм. Хара­хад зүгээр ч юм шиг, өдөр тутмын асуудал шийдэгдээд байгаа юм шиг боловч урт хугацаанд энэ нь ямар үр дагавартай байж болохов. Нийгэмд хор хөнөөлтэй юу гэдэг талаас нь харах ёстой юм. Хоёрхон жишээ хэлье л дээ. Эхнийх нь хариуцлагын тогтолцооны асуудал.

Монгол Улсын эрх ашиг юу шаардаж байна. Үнэхээр шударга нийгэм байгуулъя гэж бодож байгаа юм бол хамгийн түрүүнд  хариуцла­гын тогтолцоо байх ёстой. Хариуц­лагын тогтолцоог төр засгийн бүх байгууллага, нутгийн удирдлагын  бүх шатанд бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл энийг өнгөрсөн  гурван жилийн байдлаас харах юм бол тэр ойлголт үндсэндээ байхгүй болчихлоо. Ха­риуцлагын тогтолцоо бол тэр чигээ­рээ алдагдсан гэж хэлж болно.

Яагаад хариуцлага тооцдоггүй юм гэхээр бид хамтарчихсан. Том том  юм хийх гэнэ гэх нэрээр халхал­чихаад болохгүй бүтэхгүй байгаа зүйлстэй эвлэрч ирсэн. Харсан мөртлөө хараагүй юм шиг нууж явсан. Тодорхой яривал амаа боол­­го­чихсон л явсан. Тэгэхээр гол асуудал нь засгаас гарах гарахгүй­дээ гол нь биш. Энэ хариуцлагагүйн тогтолцоог ингээд өөгшүүлээд яваад байх юм уу эсвэл төрийн үндсэн зарчим гэж ойлгох юм уу гэх сонголт л байсан. Иймээс бид гарах нь л зүйтэй гэж үзсэн. Дараагаар нь бидний анхаарлын төвд байгаа уул уурхай тэр дундаа Оюутолгойн төсөл маш их яригдсан. Энэ яахав явж байгаа нь явж байгаа. Энийг тойрсон гэрээ хэлэлцээрүүд нь хэр үр дүнтэй байдаг юм гэдгийг нийгэм хоёр гурав хуваагдчихаад л яриад байна ш дээ. Тэгээд эцэстээ бол Ардчилсан нам С.Батболдын Засгийн газраас га­раад байгаа ч юм биш. Харин Айвен­хоу майнзын Засгийн газраас гарч байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулагч­дын Засгийн газраас гарах тухай асуудлыг тавьсан гэж ойлгож болно. Үндэсний зөвлөлдөх хорооны хурал чинь нийгэмд тулгамдсан, Улс тө­рийн байгууллагын өмнө тавигдаад бай­гаа асуудлыг өөрийнхөө зарчим, үзэл баримтлалд,  дүрмэндээ заагд­сан тэр гол эрхэм зүйлүүдээсээ үзэх юм бол нэг ондоо тайлбар, гаргалгаа гарч ирнэ. Харин өрсөлдөөн гэх өнцгөөс нь харвал бас өөр. Бид хэзээ ч тэр байдлаас харж, хандаагүй. Бидний цөөнх гэдгийн утга учир эндээ бас байгаа байх.

-Намын дарга Н.Алтанхуяг бусадтайгаа зөвлөлдөлгүйгээр Хамтарсан Засийн газраас шийд­вэр гаргасан. Намын даргаас нь болиулах гэж гэх зэрэг яриа яваад байгаа ш дээ. Үүн дээрх таны байр суурь ямар байна?

-Үндэсний зөвлөлдөх хороон дээр би нэг зүйлийг л хэлсэн ш дээ. Тэр гарах шийдвэр бол зөв өө. Энэ тухай жилийн өмнө ч ярьж байсан. Ярихдаа бид цаг нь өнгөрчихлөө гэж байсан. Асуудал нь юундаа байсан гэхээр гарахдаа сайн ч бай, муу ч бай улс төрийн нам шүү ухаантай юм бол улс төрийнхөө орон зайг тэлээд  гарах ёстой. Гэтэл энэ юу болж хувирсан бэ гэхээр намын даргын мэдэгдэл гарснаар нийгэм Ардчил­сан намыг шал ондоогоор харж эхэлсэн. Тэгээд үүнийг сөрөг хүчин маань овжин ашиглахаа мэдэлгүй­дээ.  Их “гоё, гоё” хэллэгүүд хэлээд л. “Ханилж яваад нөхрөө..” гэх зэргээр хэвлэл мэдээллийн дайн зарлаад эхлэхээр Ардчилсан намын рейтинг унасан.

-Тэгээд намын нэр хүндийг унагахгүй яаж гарах ёстой байсан гэж…

-Орон зайгаа тэлээд гарах ёстой байсан.  Яагаад гарах болж байгаа гэдгээ эхлээд хэлэх ёстой байсан. Монгол Улсын Засгийн газар байх юм уу, Айвенхоу Майнзын Засгийн газар байх юм уу гэх асуудлуудтай учирчихаад байдаг. Гэх мэтчилэн  асуудлуудаа гаргаж ирж тавьж  түүн дээрээ хэлэх зүйлсээ хэлээд дүгнээд гарах ёстой байсан. Гэтэл шал ондоо схемээр яваад өгчихсөн. Түүнд нь л бид харамсаж байгаа юм л даа. Тэгэхдээ яахав ард түмэн учир начрыг нь ойлгож л таараа.

-Намын их хурал хуралдуу­лахаар фракцуудын дунд тохир­сон байсан юм байна гэж ҮЗХ-ны үеэр тодорхой харагдаж байсан. Өмнө нь та нар хэрхэн тохирсон байв?

-Намын хурал хуралдах асуудал бол УИХ-ын сонгуулийн өмнө гар­цаагүй байдаг зүйл. Тэгэхээр үүн дээр намын их хурал хуралдах уу,  үгүй юу гэх асуудал байгаагүй. Харин хугацааг нь наашлуулах уу үгүй юу л гэдэг л ойлголт байсан юм.

-Н.Алтанхуяг  болон  Х.Баттул­га гээд хуваагдчихсан харагдаад байсан. Миний сонссоноор МҮДН Х.Баттулгын талд зогсохоор тогт­чихсон байсан гээд байгаа. Гэтэл тохирсондоо хүрэхгүй зарим нь хуралдаа ирээгүй ч гэх юм.  Зарим нь нөгөө талд мандатаа өргөж байсан.  Энэ ямар учиртай юм бэ?

-Би бол үүнийг нэг их чухал асуудал гэж үзэхгүй байгаа. Гол асуудал нь бол хоёр намын хамтар­сан гэрээ гэж нэг юм бий. Хэрэгжих бололцоотой заалтууд нь бол хэ­рэгжчихсэн. Харин хэрэгжээгүй үлд­сэн нь бол хэрэгжих бололцоогүй л байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам сонгуульд олонхи болж байж, өөрөө засгаа бүрдүүл­сэн нөхцөлд л хэрэгжих боломжтой байсан. Гэтэл ирэх зургаан сард болгоно, хэрэгжүүлнэ гэж яриад яваад байгаа нь бол өөрөө л бус­даар даажигнасан, өөрийгөө хуур­сан хэрэг. Би хувьдаа үүн дээр үнэнийг хэлэх үү,  үгүй юу гэх сонголт байсан гэх өнцгөөс энэ хурлыг хараад байсан. Тэрнээс Женко, Алтанхуяг хоёрын хоорондын асууд­лыг бол гучдугаар асуудал гэж хэлмээр байна.

-Танай намынхан өөрснөө энэ асуудалд анхаарлаа хандуулсан юм шиг санагдсан.

-Энэ намд чинь өөр өөрийн гэсэн бодолтой, эрх ашигтай, үнэлэмжтэй хүмүүс байгаа. Тиймээс янз янзаар л харж байгаа байх. Харин бидний хэсэг нөхдийн харж байсан өнцөг бол түрүүний миний л хэлсэн үгс, гаргасан санаа. Ийм бодлогын чанартай асуудлуудаа нэгдүгээрт тавьж,  тэр өнцгөөс нь л асуудлуудыг ойлгож байсан.

-Тэр хоёр байлдаад байсан гэвэл та аль талд нь байсан юм бэ?

-Бид энэ асуудлыг аль жилийн өмнө тавьчихсан учраас Засгаас гарах ёстой гэдэг асуудлыг л тавьж байсан. Намын даргадаа ч засгаас гарах цаг нь аль хэдийн болчихсон юм биш үү гэж хэлж тавьж байсан.

-Та Алтанхуяг даргын талд байсан гэсэн үг үү?

-Гарах тухай асуудлыг тавьж байсан хүн чинь Баттулга ш дээ. Бас МоАХ фракц.

-Танай фракц эвтэй байж чад­сан юм уу?

-Бид сүрхий тэгж хайрцаглаж ордоггүй. Бодлогын хувьд л юмаа ярина.

-Сая С.Ламбаа, Ц.Баярсайхан   гээд нэлээд хэдэн хүн танай фрак­цаас нөгөө талд мандат өргөсөн болохоор л асуугаад байгаа юм?

-Техникийн л чанартай зүйл байсан болов уу л гэж бодсон. Түүнээс бодлогын чанартай ингэ­чих­­лээ гэж бодоогүй. Тэгж яривал Зас­гийн газраас гарах, намын их хурлыг нааш нь татъя гэдэг дээр нэг л байр суурьтай байсан.

-Ардчилсан намыг эвтэй байж л сонгуульд ялна. Дахин ҮЗХ-ны  хурлаар их хурал, цаашлаад  намын даргыг солих талаар  сө­хөгдөх болов уу?

-Би үгүйсгэхгүй. Тэр асуудал яригдах юм бол эртхэн яригдаад цэгцлэгдэх ёстой гэж боддог. Гэхдээ Ардчилсан нам өөрөө асуудлаа бодлого  болгон томьёолоод цааш явбал хагарах бутрах явдал  га­рахгүй гэж боддог.

-Ардын нам бол дотроо хагар­сан ч том эрх ашиг дээрээ нэг болж хамтарч чаддаг. Тийм ч болохоор Ардын нам сонгуульд ялалт байгуулаад байдаг ч юм шиг .

-Минийхээр бол Ардын намд байдаг нэг онцлог бол хэн ч дарга байсан тэрнийгээ тахин шүтсээр ирсэн. Манай намын хувьд дарга нь хэзээ ч тийм  байгаагүй.

-Заавал намын даргаа солих шаардлага байгаа юм уу?

-Энэ асуудлыг ярьсан юм алга. Би хувьдаа Ардчилсан нам өөрийн байр суурин дээр байх уу, үгүй юу гэдэг зүйлийг л ярьж байгаа.

-Өмнөх байр суурин дээрээ очихын тулд даргаа солих шаард­лага байгаа юм уу?

-УИХ дээр хэлэлцэж байгаа асуудалд энэ байр суурин дээрээсээ хандах юм уу. Нийгэмд болж буй үйл явдлуудад энэ байр сууринаасаа хандан үнэлэлт дүгнэлт өгөх үү. гэдгийг л яриад байна.Үүнийгээ хийж чадахгүй бол зохион байгуулалтын асуудлууд яригдаж л таараа.

-Эдийн засагчийн хувьд Мон­голын өнөөгийн эдийн засагт ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

– Би улстөрч хүн гэдгийг нийгмээ урагш нь чирч явах  ёстой гэж үздэг. Бусдад таалагдан “коко” авах зо­рилгоор би ярьдаггүй. Хариуцлага­тай байдаг. Түүнээс хэн нэгэнд  мөнгө барьж очоод намайг бич гэвэл ард түмнээ авлигадаж, амыг нь таглаж байгаа л хэрэг. Энэ нь явсаар ямаанд хүртэл таалагдах гэж мөнгө өгдөг хэрэг л болчихоод байгаа. Ийм байсаар байвал нийгэм намагт л шигдээд байгаа хэрэг. Валютын ханшийн тухай асуудал. Он гараад хоёр ч хоноогүй байхад хоёр ч хувиар өсчихөж. Би хувьдаа валю­тын ханшийн өсөлтийг цэвэр ха­риуц­лагатай холбож үзэж байна. Хариуцлагын тухай асуудлыг сүү­лийн хэдэн жил бүр мартчихсан. Монголын гүйцэтгэх засаглалд чадалтай мэдлэгтэй боловсон хүч­нүүд хэд билээ. Ихэнхдээ дарга цэргийг дагаж гүйдэг, бялдуучид нь орж ирдгээс бус жинхэнэ мэдлэгтэй нь хэд байна. Дарга нарт бялдуучлан сайн хүн болдог мэргэжилтнүүдээр төр дүүрсний гороор валютын ханш өслөө гэж би харж байна.

Ямар нэгэн байдлаар төрийн албанд очих юмсан гарын үсэг зурдаг эрх мэдэл олж авах юмсан гэсэн хүмүүс дэндүү олширчээ.  Мэдлэггүй, чадваргүй, мэргэжлийн биш хүмүүс төрд орж ирчихээд гарын үсгээ зарж худалдаж амьдарч байна. Хүч хөдөлмөрөө зарцуулах­гүй дараа нь хүний хийсэн баялгаас илд далд хэлбэрээр дээрэмдээд сууж байх нь илүү ашигтай болчи­хоод байна ш дээ. Энэ чинь эцсийн эцэст явсаар нөгөө валютын ханш чинь 1400 хүртэл өсгөхөд хүрч байна. Энийг тойрсон бүхэл бүтэн энэ төр засгийн сул, хариуцлага тооцож чаддаггүй байдал чадалтай, боловсролтой боловсон хүчнээ дээш нь гаргаж өгдөггүй зэрэг  бүхэл бүтэн паразитуудын сүлжээ үүсчих­лээ. Тав дахь,  хагас сайн, бүтэн сайн  гурван өдөр гарч ирээд бужигнуулж хаяад л хичнээн тэрбумаар нь хий­гээд л алга болчихож байна ш дээ. Энэ бол гэгээн цагаан өдөр хийж байгаа л дээрэм. Зүв зүгээр гудам­жинд байж байгаад хууль бусаар бөөн мөнгө авчихаад алга болчихож байна. Нэг дэх өдөр нь арилжааны банкууд онгойгоод өөрийнхөө хан­шаар юм зараад ирэхээр нөгөөдүүл чинь байхгүй болчихсон л байдаг байхгүй юу. Энэ чинь мөнгөө л валютын ханшийг өсгөж байгаа л явдал байхгүй юу. Валютын ханш хэдэн хувь өссөндөө асуудал байгаа юм биш. Энэний цаана ийм ийм гүнзгий суурь үйл явдлууд өрнөөд байна. Энэн дээр хариуцлага тооц­дог шийдвэртэй арга хэмжээ авдаг юм алга байна шүү дээ. Төр засаг нь өөрөө сул, маш их суларсан. Хүнд шаардлага тавьж чадахаа байсан. Хариуцлага тооцож чадахаа байсан. Яаж  ийж байгаад эндээ байж үлдэх юмсан гэсэн өнцгөөс л асуудалд хандаад явж байна. Үүнийг бид ярихгүй удаан явж ирлээ. Тэвчээд л байлаа, тэвчээд л байлаа. Одоо болохоо байлаа. Саяхан нэг хийсэн судалгаа байна. Арван хүний дөрөв нь ажил хийх сонирхолгүй гэж мэдэгдэж байна ш дээ. Яаж амьдрах юм гэхээр халамж тэтгэлэг төрөөс өгч байгаа мөнгийг аваад амьдрах нь сайхан байна гэж хэлсэн байна. Нийгмээрээ угж хөхөж байгаа юм шиг хүмүүс болж хувирах нь. Ийм юм байж болохгүй. Энэ дээр Ардчилсан нам дуугарах ёстой. Хэзээ Ардчил­сан нам ийм юмнаас хойш суудаг байсан юм. Өмнө нь бол ийм юмыг   хамгийн түрүүнд гаргаж ирж хэлээд бүгд түгшүүр зарлаж,  эрх баригчдыг шахаад шаардаад явдаг байсан. Гэтэл Хамтарсан засагт орсныхоо төлөөсөнд ийм юмыг ярьж чадахаа больсон.

-Гэхдээ энэ Засийн газрын ажиллах хугацаа бага үлдсэн үү дээ. Одоо дуугарах нь зөв үү?

-Гэхдээ хэлэх ёстой. Өнөөдөр бүх  юм дуусчихаж байгаа юм биш. Маргааш бас амьдрал үргэлжилнэ.

-Бензиний үнэ өссөн нь улс төр үү?

-Үүнийг би улс төр гэж бодохгүй байна. Нарийн судлаагүй байгаа учир шууд хэлж мэдэхгүй. Улс төр гэхээсээ  эдийн засгийн бүтэцтэй холбож тайлбарлах ёстой. Одоо энгийн зүйл нэг жишээ хэлье. Нигери гэж улсад очоод ирлээ. Одоо жаг­саал цуглаан бөөн юм болоод байгаа улс ш дээ. Одоо Африктаа бол номер нэг эдийн засаг байхгүй юу. Дэлхийн тавд ордог нефть им­порт­логч орон. 160 хэдэн сая хүнтэй асар баян орон. Гэтэл тэнд байхад   байсхийгээд л гэрэл нь тасарчих юм. Хэсэг байж байгаад түр, тар хийгээд гэрэл нь ирж нөгөө дизель нь ажиллах юм. Би асуулаа. “Хоёр цаг болоод л гэрэл тасраад байх юм. Танайд цахилгаан станц байдаггүй юм уу” гэтэл “Байгаа” гэсэн. “Тэгвэл хүчин чадал нь бага байдаг юм уу” гэхэд “Дизель дээр ажилладаг биз­несийн бүлэглэл байдаг. Тэр нь орон нутгийн  удирд­лагад хамаардаг бүлэглэл” гэсэн. Тэгээд нөгөөдүүл нь дизелиэ бор­луу­лахын тулд район районоор нь тогийг нь тасалдаг. Тэр халуун оронд чинь хүмүүс агаар­жуулагчаа ажил­луулахын тулд нө­гөө дизелийг нь авч тавьдаг. Тэр нь шатаад дууса­хаар дахиад авч тавь­даг. Тэрэн дээр бизнес хийдэг сүлжээ байж байна. Манай энэ бензин шатахууны сал­бар чинь нэг тиймэр­хүү өнгө аяс руу ороод ирчихлээ ш дээ. Энд нэг учир шалтгаан байгаа гэж бодож байна.

-Та нар дуугараад, дуугараад өөрчлөгдөх үү?

-Өөрчлөхийн төлөө л явна. Ни­герт бас нэг зүйлийг ойлгосон нь  баялгийн хараалд автчихсан орон  ямар байдгийг нүдээрээ харлаа. Тэгэхээр бид дуугарч, дуугарах дуугарахдаа чанга дуугарч чадахгүй бол Нигерийн хувь заяа биднийг хүлээж байгаа юм байна гэж л харлаа. Эхнийх нь Засгаас гарчих­лаа. Одоо намын сонгуулийн мө­рийн хөтөлбөр гарч ирнэ. Үүн дээр энэ бүгдийг тусгах хэрэгтэй. Хоёр­дугаарт нь үүнийгээ ард иргэд ний­гэмдээ тайлбарлаж иргэдээсээ дэмжлэг авах хэрэгтэй.

-Та хаанаас нэр дэвших бо­долтой байгаа вэ?

-Амаржаргалд өөрийн гэсэн тойрог байхгүй. Хуваарилдаг хүмүүс нь энэ нь арай хүндхэн юм. Чи тийшээ яв гэдэг.

-Ардын намынхан эхийн мөнгө гэж юм гаргаж ирсэн. Үүнийгээ Ардчилсан нам эхчүүдээс мөнгө харамлалаа гэж баахан ярилаа.

-Ардын намынхны оруулж ирсэн эхийн мөнгө нийгэмд доргио өгч байна л даа. Тэгээд л Ардчилсан намынхан өгүүлэхгүй байна гээд л яриад эхэлж байгаа. Ард түмэнд бэлэн юм өгсөөр байгаад сургачих­сан. Нэмж авахыг л бодож байхад дээрээс нь өгнө л гээд. 2008 оны сонгуулиар бид саяыг бэлнээр биш хувьцаа хэлбэрээр л өгнө гэснийг бэлэн мөнгө болгоод л сая таван зууг өгнө гэсэн. Энэ тэтгэмж урамшуул­лууд чинь ямар асуудлуудыг шийдэх гээд байгаа юм. Монголын хүн амыг өсгөнө гээд байгаа. Энэ нь зөв. Гэхдээ өнөөдөр хуучин шиг арав хорин хүүхэд гаргадаг эмэгтэй Мон­голд олдохгүй. Тэр лүү зүтгүүлнэ гэдэг эрүүл мэнд талаасаа эмэгтэй хүнийг амьтан шиг  л болгоно гэсэн үг ш дээ.  Ингэлээ гээд ямар асуудал шийдэх гээд байгаа нь тодорхойгүй. Оноо авъя, сонгуульд ялъя гэдэг юм л харагдаад байгаа. Үнэхээр нийг­мийн баялгийг шударгаар олгоё гэвэл хүүхдийн мөнгийг эргээд олго. Манайхан энэ асуудлыг санаачлаад явж байгаа. Яагаад гэвэл энэ долдугаар сараас чинь 21 мянга чинь байхгүй болчихно ш дээ. Энд бол асуудал нь шийдэх арга замтайгаа цуг байж байгаа хэрэг. Ажилгүй байна гэдгээ­сээ ичдэг уур амьсгалыг нийгэмдээ бий болгох ёстой. Том захирлуудыг сар бүрийн хорин мянган төгрөгөө ав гээд утасдах чинь утгагүй биз дээ. Гэтэл очих ёстой дээрээ очдоггүй. Хороо хорины дарга нэртэй хэдэн хүмүүсийн халаас руу л урсч байдаг.

-Халамжаас өөр асуудал зөн­дөө байгаа. Ядаж л махны үнэ тэнгэрт хадаад байдаг?

  -Бизнесийнхнийг яривал их юм байна. Манайд тэр чөлөөт зах зээл чинь байхгүй байгаа ш дээ. Ямар нэгэн байдлаар монопол, сүлжээ тогтчихсон. 22-ын товчоогоор 1750 төгрөгөөр орж ирсэн мах яахаараа иргэдийн гар дээр 7000 болж ирдэг юм. 22 км-ийн тээвэрлэлтийн өртөг тийм өндөр байдаг юм уу. Учир нь олдохгүй л байгаа ш дээ. Хамгийн наад зах нь мах бэлтгэл, тээвэр­лэлтийн асуудал 11 сард хийгдчих­сэн байх ёстой байтал нэг сард энэ асуудлаа санаж байгаа юм. Сүүлийн үед юу л болоод байгаа юм гэх зовнил төрдөг болсон. Голланд өвчин гэдэг шиг. Энэ өвчнийг тус­чихсан л даа. Энэ өвчин нь хэрээс хэтэрчихсэн. Нэг том асуудал бол ард иргэд төрөөс маш их юм хүсч байна. Төр нь түүнийг хэрэгжүүлэх чадвараа алдчихсан болохоор амыг нь л дагуулъя гэдэг дээр санал нэгдсэн.Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг. Глобал болж буй үйл явдлуудыг хараад байхад түү­хий эдээ олзворлож болох дээд хэмжээндээ хүрчихээд байгаа. Нүүр­сийг хэзээ ч өнөөдөр олборлож буй хэмжээнээсээ ахиу  олборлож чадах­гүй. Дэлхий даяар түүхий эдийн хомсдол гарч ирнэ. Ийм хүнд хэцүү үе рүү дэлхий ороод ирэхээр Монгол маань хаах нь яваа билээ гэж. Монголд байгаа баялгийг бүгд л ухаж гаргая л гэж бодож байгаа . Ингэхийн тулд асар их хөрөнгө Монгол руу цутгаж эхэлж байгаа. Энэ их давал­гаа цутгалтыг давж сөрж чадах уу гэдэг нь Монголын Улсын өмнө тулгарсан  том сорилт. Энийг ухаж болохгүй гэхээр мөнгөөр амыг нь таглачихдаг юм яваад байгаа байх­гүй юу. Яаж сөрөх үү. Энд ямар механизмууд төрийн аль шатанд хэрэгтэй юм гэдгийг ярьдаг хүн алга. Гэтэл бидний нүдэн дээр энэ нийгэм задарч бутарч байна.

-Хувьсгал хийнэ гээд л ярих юм байна шүү дээ..

-Хувьсгалаар асуудал шийдэг­дэхгүй. Нүүрсний үнийн өртөг 17000 байхад 150 мянгаар зарагдах жи­шээтэй байна. Манайд нүүрс хомс­доогүй мөртлөө үнэ нь тэнгэрт хадчихсан. Мах мөн адил. Махан дээр интервенц гэх юм гарч ирснээр түшмэдүүдийн үзэмжээр үнэ нэмдэг бүтэц бий болчихсон. Мах бол Монголын хүнсний, нүүрс бол ду­лаа­ны хамгийн том эргэлт. Монгол­чуудад амлаад л байдаг өгөөд л байдаг. Гэтэл ядуурал нь буурдаггүй. Өмнөх жилийнхээс арав гаруй ху­виар ядуурал ихэсчихсэн. Нийгмийн баялгийн хуваарилалт шударга бус явагдаж байна. Эдийн засгийн бодит өсөлт чухал байна.

-Эдийн засаг хорин хувиар өссөн гээд байгаа биз дээ?

-Ардчилсан нам, Монгол ардын нам хоёр бол зохиомол нам биш. Түүхэн шалгарлаараа гарч ирсэн түүхийн хоёр гол багана. Энэ хоёр гол улс төрийн хүчнүүд чинь өөрс­дийн үзэл баримтлалаасаа хадуур­чихсан яваад байгаа болохоор иргэдийн итгэх итгэл нь алдарсан. Энийг эргээд сэрээнэ гэдэг бол маш хүнд хөдөлмөр. Ер нь бааз сууриар нь өөрчлөх ёстой болж байна. Санхүү эдийн засгийн чинь хуваа­рилалтын систем гэсэн үг. Энэхүү тогтолцоог л зөв ажиллуулах ёстой. Хоёр нам хоёулаа л хувийн өмч бий болгоё дундчууд нийгмээ авч явдаг хүчин гэж ярьдаг. Бид нар харин тэр чиглэл рүү нь хандуулах ажлыг бодитойгоор хийхийг хичээж байна. Нийгмийн хуваарилалт дээр бол баячуулд ихэнхийг нь өгөөд ядууст жаахныг шидчихээд, дундчуудад юу ч үгүй байна. Зах зээлийн өсөлт нь хэвийн явагддаг орнуудад бол ажил хийдэг улсууд нь төрийн алба руу явдаггүй. Манайхны төрийн алба руу явж буй шалтгаан нь төрийн албанд бүхний хуваарилах бүтцүүд бий болчихсон. Энэ бол бодит бүтээлч биш салбар. Харин бүтээлч сал­бараа сорж шимж амьдардаг энэ давхраас салах хэрэгтэй. Угтаа  ажил хийдэггүй нь ядуу, ажил хийдэг нь хангалуун амьдрах ёстой юм. Дундчууд нь баячуудынхаа байнгын дарамтанд байна. Монголын эдийн засгийн 65 хувь нь гадны хөрөнгө оруулалтаас бүрддэг. Үлдсэнийг нь экспортоос олдог. Хоёрхон жилийн өмнө энэ үзүүлэлт эсрэгээрээ бай­сан. Өнөө­дөр Монголын эдийн зас­гийн байдал ийм байгаагаас үүдээд гадаадын хөрөнгө оруулалтыг түр хаалаа гэхэд л бүгд савлаж байна. Үүнийг л урьдчилан харж сэргийлэх арга хэмжээ авахыг урьтаад болох ёстой. Хэн нэгний хүсэл сонирхлоор Мон­гол захирагдаад байна.

-Энэнээс гарах арга зам байна уу?

-Гол нь төрдөө итгэх итгэл. Ард түмэндээ үнэний хэлдэг шаард­лаатай үед төмөр нүүрээ харуулдаг байвал зүгээр. Ард түмнийхээ итгэ­лийг авч чадаагүй төр аялдан дагагч болж хувирдаг. Асуудалд гал унт­раах маягаар ханддаг. Өнөөгийн төр тэр итгэлийг авч чадахаа болих тал руугаа явж байна. Ардчилсан нам байнгын сонирхлын зөрчилтэй хэ­дэн бүлэглэлүүдэд хуваагдчихаад тэд нар нь үл ойлголцоод байдаг гэвэл эндүүрэл.

Ерөнхийдөө дагуулах хамтдаа явах хүчнүүд бол бий. Тэдэнтэйгээ эхнээсээ байр сууриа яриад эхэл­чихсэн. Хүлээн зөвшөөрөх нь зөв­шөөрнө биз.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2011.1.16, сэтгүүлч Д.Мөнгөндалай

One comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *