Сэхээтэн

Энэ олон уран сайханчдын дунд жинхэнэ сэхээтэн харагдвал солиотой, мангуу бүр галзуу ч болж харагдаж магадгүй. Б.Ринчин гуай тухайн үедээ хандаж ” Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ? Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ” гэж хэлж байсан үг ард олны дунд домог болон тархсан юм.

1990-ээд оноос өмнө Монгол Улс дээд, тусгай, дунд боловсролтой 100,000 гаруй боловсон хүчинтэй гэсэн статистик мэдээ гарч хөдөлмөрийн сэхээтний бүхэл бүтэн давхарга бүрдсэн тухай бахархдаг байлаа. Тэр үеэс хойш хувийн их, дээд сургуулиуд олноор байгуулагдаж, 1995, 1996 оноос хойш жил бүр төсгөлт хийж байгааг тооцож үзвэл өнөөгийн байдлаар манайд лавтайяа 200,000 орчим хүн дээд боловсролтой гэж гэрчлэх дипломтой болсон байх аа. Үүнд муу зүйл юу байхав, гэхдээ хэдхэн сарын дамжаагаар бэлтгэж дадлагажуулж болох зочид буудлын үйлчлэгч, хамгаалалтын алба мэтийн ажилд заавал дээд боловсролтой хүнийг ажиллуулах гэдэг болчихож. Энэ эрэлтийг хангах “их дээд сургууль” бас хэрэгтэй л дээ.

БНМАУ-ын 1960 оны үндсэн хуулиар “үйлдвэрийн ажилчид, хоршоолсон ардын холбоо, хөдөлмөрийн сэхээтний давхарга” тэдний үр хүүхдээс социалист Монголын хүн ам бүрдэл болох ёстойг хуульчилсан байдгийг ахмад, дунд үеийнхэн андахгүй мэднэ. Ингэж хуульчилсныхаа дараа л албан ёсныхоо анкетын бүртгэлд”… нийгмийн байдал сэхээтэн ..” гэж тодорхойлох болсон байх.

Чухам сэхээтэн гэж хэн бэ? Ямар, ямар шинж чанар эзэмшсэн хүн амын бүлэг байх юм бэ? гэж ухаж төнхсөн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч болсон энэ үеэс эхлээд дээд боловсролтой бол сэхээтэн болдог ойлголт бүрдсэн байх.

Гэтэл сэхээтэн гэж хэн бэ?

Сэхээтний хэмжүүр юу вэ гэсэн асуудлын хүрээнд бага боловч эрэл хиймээр. Сэхээтэн гэдэг бол соёлыг дэлгэрүүлж хөгжүүлэх бүтээлч, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн амын давхарга гэсэн хялбархан тодорхойлолт энд тэнд тааралдаж байна. Сэхээтэн энэ бол цэвэр оросын ойлголт бусад улсад байхгүй, оросоор дамжин европд дэлгэрсэн гэсэн академич Д.С. Лихачёв-ын хэлдэг бас ортой бололтой. Үнэхээр ч барууны орнуудад энэхүү ойлголтыг нэг их өргөн хэрэглэдэггүй. Хэрэглэж байгаа газраа оюуны, оюун санааны соёл гэсэн маягаар ойлгож байх жишээтэй бөгөөд хамруулж буй хүрээ ч хязгаарлагдмал байх юм.

Манайд бүрдээд байгаа сэхээтэн гэсэн ойлголт нь хуучин зөвлөлт маягийн дээд боловсролын дипломын хүрээн дэх ойлголт бөгөөд энэхүү ойлголтыг анх томъёолон дэлгэрүүлсэн хүмүүсийнхээс нилээд гажаад явжээ. Ямар боловч энэ чиглэлээр судалгаа хийх хүн байвал нэлээд сонирхолтой зүйл гарч магадгүй гэдгээр хязгаарлая.

Академич Д.С.Лихачёв-ын сэхээтэн гэдгийг ёс зүй, ёс суртахууны хүрээнд авч үздэг зүйл гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ утгаар нь асуудлыг сонирхож энэхүү нийтлэлийг бичлээ.

Оросын философич Н.А.БердяевСэхээтэн гэдэг бол оюун ухаанаараа шилэгдэж, шалгарсан хүмүүс мөн. Нийгмийн давхарга бус харин оюуны элитүүд байх ёстой” гээд тухайн үеийнхээ Оросын сэхээтнүүдийн шалгуур шинжүүдэд: ”Өнөөгийн байгаа бодит байдалтайгаа үл эвлэрдэг, ирээдүйд тэмүүлсэн, илүү шударга нийгэм байгуулахын төлөө тэмцдэг, амьдарч байгаа үеийнхэндээ тэрслүү үзэлтэн гэж үнэлэгдэж болохоор янз бүрийн үзэл баримтлал, санаа дэвшүүлж эрэл хайгуул хийдэг хүмүүс байх ёстой” гэсэн санаа хэлсэн байх юм.

Оросын академич Д.С.ЛихачевСэхээтэн гэдэг бол зайлшгүй их сургуулийн боловсролтой, оюуны бүтээлч хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн нийтлэг” гэсэн санаа хэлээд “бүтээлч сэхээтэн” гэсэн ойлголт байж таарахгүй, хэрвээ ийм нэр томъёо хэрэглэвэл сэхээтний нэг хэсэг нь бүтээлч бус болж таарна. Сэхээтнүүд цөм ямар нэг хэмжээгээр бүтээж, багшилж, эмчилж, урлагийн бүтээл туурвиж байна. Харин энэ бүхнээ нам төрийн шахалт, шаардлага, захиа даалгавраар, нэг үзэл суртлын хүрээнд хийж байна уу, үгүй юу гэдэгт хамаг учир байна” гэж тэмдэглэж байжээ.

Хэрэв энэ талаас нь асуудалд хандвал өмнөх үеийн нам, төрийн даалгавар биелүүлэгчид маань жинхэнэ утгаараа сэхээтэн бус, харин “хөлсний ажилчид” байжээ.

“Эрдэмтдийн зарим нь сэхээтэн байж чаддаггүй. Өөрийнхөө мэргэжлийн хүрээнд явцуурч хийж байгаа ажил нь хэнд хэрэгтэй юм бэ гэдгийг ухаарахаа болиод эхлэхээр сэхээтэн байхаа больдог. Өөрийнхөө мэргэжлийн ашиг сонирхолд бүхнийг зохицуулж бусдын ашиг сонирхол, соёлын үнэт зүйлийг золиослодог” гэж Д.С.Лихачев гуай тэмдэглэсэн байна лээ.

Эдийн засаг, улс төрийн элдэв дарамт, албадлагаас хараат бус оюуны эрх чөлөөтэй, өргөн боловсролтой хүмүүсийг сэхээтний нийтлэгт хамруулна гэсэн хандлага эндээс тодорч байна л даа. Сэхээтэнлиг (оюунлиг) чанарын үндсэн шинж бол оюуны чөлөөт төлөв байдал мөн байна. Эрх чөлөө бол юуны өмнө ёс зүйн ойлголт гэдгийг бид сайн мэднэ. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ эрх чөлөөтэй хандах чадвар нь нэг үзэл суртал, хуучин үзэл санаандаа боогдож баригдсан дээд боловсролын дипломтой хүмүүсээс сэхээтнийг ялгаж өгдөг.

Амьдралын туршлага, өөрийн хийсэн судалгаа ажиглалт дээрээ тулгуурлан оюун дүгнэлт хийж танин мэдэхүйн тодорхой түвшинд хүрсэн цагтаа хуучин үзэл бодлоосоо татгалзаж өөр шинийг сонгох ухааны цонхтой байдгаараа сэхээтнүүд бусдаас ялгарна.

Харин эрх мэдэл эд хөрөнгийн төдий ашиг хонжоо харж үзэл бодол, үйл ажлаа сонгож байгаа бол юуных нь сэхээтэн байх вэ дээ. Ёс суртахууны хувьд худалдагдсан ийм хувь хүн, хэсэг бүлгээс болж Монголын нийгэм хохирч байгааг бид өнөө бэлээхэн харсаар байна гэвэл дургүйцэх нэгэн гарах л байх.

2. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан тал хээрийн Монголд хэдийд сэхээтэн бий болсон юм бол оо гэж заримдаа бодогддог.

Шарын шашин дэлгэрч сүм хийдүүд бий болж лам хуврагууд монголчуудын төрөхөөс эхлээд үхэх хүртэлх бүх л амьдралын зам мөрийг нь заадаг болсон цагаас Монголд сэхээтэн бий болжээ гэж үзэх юм уу? Эсвэл XIII зуунаас эхлэн Монгол дахь буддын шашны том эрдэмтэн лам нар зохиол бүтээлээ туурвиж барлан хэвлэдэг болсон үеэс үү? Эсвэл бүр түүхийн гүн рүү өнгийж эзэн Чингис түүний жанжнууд байлдах урлагаа боловсруулж дайлаар мордож дэлхийн талыг эзэлж, “Их засаг”хуулиа бичиглэж, улс гүрнээ шударгаар засаглаж захирч , “Нууц товчоо”-гоо зохиож үлдээсэн үеэс Монголын сэхээтний түүхийг эхэлж тоолох юм уу ч гэж бодогддог.

Эсвэл бүр саяхнаас 1920-иод оны сүүлчээс Европ зүгийн боловсрол эзэмшсэн залуучуудын түрүүч эх орондоо ирж төр засгийн алба хаасан үеэс эхлэх үү. 1942 онд МУИС байгуулагдаж үндэсний их сургуулиа төгссөн залуучууд дээд боловсролын диплом гардсанаар Монголын сэхээтний түүх эхэлсэн гэж хэлэх хүн ч дайралдах л байх. 1992 онд МУ-ын шинэ Үндсэн хууль батлагдаж манай эрдэм номтой хүмүүс оюуны эрх чөлөөтэй болсноор Монголын шинэ сэхээтний үүх түүх эхэлнэ гэж хэлж болмоор ч юм шиг санагддаг.

Энэ асуудлыг түр орхиж Монгол түмнийг араасаа дагуулж хөгжил дэвшлийн өндөрлөгт хүргэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээх учир тавилантай өнөөгийн сэхээтнүүдийн тухай ярих хэрэгтэй байх. 1980-аад оны дунд үед эрдэмтэн, зохиолч Л. Түдэв гуай “дундаж сэхээтэн” гэсэн сэдэв хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлж байлаа. Ингэхлээр Монголд бүтээлч бус дундаж сэхээтнүүд саяхан болтол ажиллаж амьдарч байжээ гэмээр.

Өдгөө Монголд бүтээлч, бүтээлч бус, дундаж гээд ялгавал ямар эрэмбийн сэхээтнүүд ажиллаж амьдарч байдаг бол оо. Хуучин зөвлөлт маягийн ойлголтын хүрээнд авч үзвэл иймэрхүү байдлаар өч төчнөөн ангилж болмоор. Дээд боловсролын дипломтой хүнээ албан ёсны тоо бүртгэлдээ “сэхээтэн” гэж өргөмжилдөг саяхны уламжлалаа бодвол өнөөгийн Монголд сэхээтний тоо эрс өсч, чанарын өөрчлөлт ч гарсан баймаар. Гэхдээ сэхээтэн гэхээсээ илүү мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчний тоо нэмэгдсэн тухай ярьж болмоор.

Нөгөө талаар 2.5 сая хүн амтай, өргөн уудам газар нутагтай, дэлхийн сайн санаат улс орнуудын дэмжлэг туслалцаанд бөөцийлөгдөх болсон жижигхэн улс орон минь дотроо бужигнасаар байгааг бодоход мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчний тоо нь хангалттай биш бололтой.

Харин бидний дунд цар хүрээтэй сэтгэдэг ухааны шандастай, нүгэл хилэнцээс хол явдаг ариуссан Н.А.Бердяев Д.С.Лихачев нарын тодорхойлоод буй сэхээтнүүд тун ч цөөхөн байна даа гэж бодмоор.

Утга учиргүй шоу тоглолтууд, эрээн мяраан зар сурталчилгаа, өдөр болгон шахам болж байдаг хурал зөвлөгөөн, сургалт, семинар, сонгогчдод тал зассан улс төрчдийн хоосон амлалт, уран цэцэн яриа чих дөжрөөж, нүд эрээлжлүүлсэн өнөөгийн Монголын алаг цоохор амьдралын үзэгдэх өнгө, сонсогдох дуу авиа, баригдах биений цаанаас ёс суртахууны хувьд улам бүр доройтож байгаа улс орныхоо үнэн чанарыг олж харж байгаа цөөн хэдэн сэхээтнүүд минь эх орныхоо хувь заяаны төлөө сэтгэл зовж, дотроо шаналж, бухимдаж яваа ч хувиа борлуулж, довоо шарлуулж амьдрахаас өөр арга замгүй болж цөхөрчхөөд байгаа юм шиг бодогдох юм.

Хоёроос гурван гадаад хэл мэддэг, гурваас дөрвөн сургууль төгсөж дамжаа дүүргэснээрээ сэхээтэн болдоггүй бололтой. Уул нь их сургуулийн боловсрол сэхээтэнг тодорхойлох зайлшгүй нөхцөл мөн боловч хангалттай биш юм. Их сургуулийн сургалтын чанар нь өнөө ямар байгаа билээ гэж ухаад эхлэхээр л аймшигтай байгаа юм. Их сургуулийн боловсрол бол аливаа асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж нягтлан судалгааны арга зүй эзэмшүүлж, хэрсүү холч ухаан төлөвшүүлдэгээрээ онцлогтой юм.

Надад ойрхон жишээ гэхэд л эрхэм гишүүд бидний батлан гаргаж буй хууль шийдвэрүүд тал бүрийн судалгааны үндэслэлтэй байж чадахгүй байгааг гэрчлэх хүн зөндөө л байдаг. Мэдээлэл судалгаа сул, бараг бүдүүн тоймоор улсыг удирдаж байгаа нөхцөлд иргэд маань УИХ, Засгийн газраасаа юу ч шаардах билээ дээ.

Өнгөрсөн жил Хан-Уул дээд сургуулийн захирал доктор Ц. Дэмбэрэл төрийн дээд албанд нэр дэвшигчдийн IQ-г тогтоогоод сонгогчдод мэдээлье гэсэн санал дэвшүүлж байсан. Улс орны амьдралын түгээмэл болон тусгай харилцаануудыг зохицуулах, хэрэгжүүлэх эрхмүүдийн цэцэн саруул ухаантай өөрөөр хэлбэл сэхээтэнлиг (оюунлиг) эсэхэд нь иргэд эргэлзсээр байдаг юм болов уу?

УИХ-ын гишүүд төрийн өмнөөс үнэ зөв шийдвэр гаргана, надад, бидэнд, манай намд тийм эрдэм ухааны нөөц, туршлага бий гэж сонгогчдод итгүүлэн үнэмшүүлж амлалт өгч байж сонгогддог. Амлалтаа биелүүлж үнэн зөв шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж чадаагүй Засгийн газар, холбогдох байгууллагатай хэрхэн хариуцлага тооцох вэ? “Та нөхдөд хариуцлагаас мултарч ядарч зовсон ардтүмний татвараас ил далд хумслах эрх байхгүй” гэж сонгогчид хэлдэг нь үнэн шүү дээ.

Төр дээрээсээ ёс зүйтэй болж хариуцлага хүлээж сурах ёстой. Юуны өмнө ёс зүйн, улс төрийн хариуцлагын тотголцоо хэрэгтэй л дээ. Энэ утгаараа АН-ын саяхны УИХ-д өргөн барьсан бичиг ач холбогдолтой юм. Сэхээтэн бол улс үндэстнийхээ нэр төр, хүний мөс чанарын бэлгэдэл байдаг учиртай.

Саяхан би нэг эртний танил багштай хэсэг ярилцаж суулаа. Тэрээр “өдөр болгон радио, телевизээр зүс царай нь харагдаж, дуу хоолой нь сонсогдож байдаг манай улс төрчид, эрх мэдэлтнүүдийн дотроос бид хэнийг нь манай ард түмний нэр төр, хүний мөс чанарын бэлгэдэл гэж онцлох юм бэ? Хэнийг нь тухайлж сайн хүн шүү, энэ ах эгч шигээ эрдэмтэй чадалтай, шударга үнэнч хүн болоорой гэж үр ач, хүүхэд нялхасдаа захидаг юм билээ. Одоо дээшээ гарсан эрх мэдэлтнүүдээс хэнийг нь шударга шулуун гэх билээ. Гарын арван хуруунд багтааж тоолох нь байтугай, ганц ч гэсэн хүнийг нэрлэхэд хэцүү болж ” гэж хүүрнэж билээ.

Монголд эрх мэдэл өмч хөрөнгөтэй болох сонин жишиг тогтоод удлаа. Монголын үнэртэй салхи гэдэг шиг Монголын дүрэмтэй жишиг, сонгогчдыг мөнгөөр оосорлож, эрх мэдэлтнүүдийг авилгаар торложээ. Авилгын хэрэгтэй хичнээн л их орооцолдоно, төрд төдий чинээ өндөр алба хашдаг жишиг зөвхөн Монголынх бололтой.

Бидний улиглан ярьдаг “зах зээлийн ороо бусгаа цагт” та бид чухам юу харж, ямар үнэлэмжтэй амьдрах нь хүний мөс чанараас л хамаарна. Угаасаа мөс чанар муутай хүн эрх чөлөөг олон нийтийн хүртээл биш харин өөртөө өмчилж амин хувийн хонжоо олох, ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлтэй болох, олж авсан эрх мэдлээ олон түмэн сонгочдын эрх ашиг, амьдрал ахуйг золиослон байж хадгалах, бэхжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг юм байна.

Хичнээн боловсрол, мэргэжил, мэргэшилтэй ч мөс чанар муу бол сэхээтэн гэсэн ойлголтод хамаарахгүй. Маргааш нь аль нэг илүү эрх мэдэл бүхий улс төрийн хүчин “нар баруунаас мандана” гэвэл түүнийг магтан дуулж даган харайх хүмүүс дэндүү олон болжээ.

Цаг үеийн шалгуур даасан Б.Ринчин гуай шиг сэхээтнүүд ховордож, “сайн дурын уран сайханч” сэхээтнүүд дэндүү олон болжээ. Энэ олон уран сайханчдын дунд жинхэнэ сэхээтэн харагдвал солиотой, мангуу бүр галзуу ч болж харагдаж магадгүй. Б.Ринчин гуай тухайн үедээ хандаж “Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм бэ? Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ” гэж хэлж байсан үг ард олны дунд домог болон тархсан юм даг.

Түүхийг сонирхон үзвэл бие даасан өөрийн үзэл бодолтой, тухайн үеийн үзэл суртал, ёс жаягаас гадуур чөлөөтэй сэтгэж ухаардаг, улааныг үзэн урваж, шарыг үзэн шарвадаггүй, хүний мөс чанартай хүмүүс л эрх баригчдын хамгийн том дайсан байж.

Монгол Улсын түүхэнд тохиолдож байсан их, бага хэлмэгдүүлэлтүүдийн хамгийн түрүүнд сэхээтнүүд, олон мянган жилийн өв соёл, хүний мөс чанараа хадгалж байсан малчид л өртөж байсан. “Тийм л цаг байсан шүү дээ”, “Бүгд л тэгж байлаа”, “Тэр үед бас мэддэггүй байж, би уг нь ардчилагч зах зээлийн төлөө” байлаа гэх ухааны юм ярьдаг хүмүүс өөрийгөө сэхээтэн гэж ойлгодог бололтой.

Академич Д.С. Лихачёв гуай “Сэхээтэн бол мэддэг, ойлгодог, эсэргүйцдэг, өөрийн оюун санааны хараат биш байдлаа хадгалж чаддаг бусдын тархи угаасан худал хуурмаг үйлдэлд оролцох ёсгүй юм” гэж тэмдэглэжээ.

Хүн бүгдийг мэдэх албагүй ч улам бүр нарийн төвөгтэй болж буй ертөнц, нийгэм, улс төрийн амьдралын юмс үзэгдлийн мөн чанарыг таних, эдгээрийн уялдаа холбоог хөгжил хөдөлгөөнд нь олж харах үүрэг сэхээтнүүдэд ногдож байна. Нийгмийн хувьсал хөгжлийг бүхэлд нь хуучин дасал болоогүй өөр өнцгөөс харах, учир начрыг нь бусдад тайлбарлаж таниулах, оюуны эрх чөлөөгөө ашиглаж чадахгүй, бас хүсэхгүй байгаа “сэхээтнүүд” дэндүү олон болжээ.

Сэхээтнүүд улс нийгмийн оюун санааны хөтөч, хүн чанарын бэлгэдэл байх үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй болохоор нийгэм хөгжлийн чиг баримжаагаа алдаж, тэр хэмжээгээр нийгмийн үнэт зүйл хомсдож, нийгмийн эрүүл хөрс болсон ёс суртахууны шалгуурууд үгүйсгэгдэх хандлагатай болдог юм байна.

Бидний орчин цагийн үг хэллэгэээс нэр төр, хүний мөс чанар, өгөөмөр сэтгэл, чигч шударга зан, зарчимч байр суурь, хариуцлага хүлээх чадвар гэх мэт ойлголт алга болж байгааг уншигч та эрх биш анзаарч байгаа болов уу? Энэ бол сэхээтнүүд улам бүр хомсдож байгаа үйл явцаас эхлэлтэй ёс суртахууны уналт руу нийгэм гулсаж байгаагийн илрэл байх гэвэл та санал нийлэх үү?

[print_link]

4 Comments

  1. Ene talaar yaridag ug heldeg hun hovor bna.ene asuudal mongoliin todiigui delhin asuudal bolood bn.ireeduin huuhed zaluuchuudaa yaj avrah ve?

  2. 100 хувь санал нийлж байна. Таны хэлсэн шиг хүмүүс өнөөдөр алхам тутамд дутагдаж байгаа нь мэдрэгдэж байна…

  3. Сэхээтэн гэж монгол үг орос Интеллигенция гэсэн үгтэй яг таг бас таардаггүй болов уу. Учир нь монгол үг маань бусдынхаа төлөө сэхээрэх гэсэн үгнээс гаралтай гэж би дуулсан юм байна. Техническая, творческая интеллигенция гэж оросууд хуваадаг бол манайд тэгж хувааж байхыг би бас дуулж байгаагүй. Тэхээр үгний үндэс нь биш зорилго нь чухал юм болов уу? Монголд маань тэгээд одоо бусдынхаа төлөө сэхээрэх нь бүү хэл үнэн сэтгэлээсээ хөөцөлдөх завтай хүн үгүй бус уу?

  4. Юун түрүүнд дээрхи нийтлэл хайж явсан үгийг эх хэл дээр тайлбарлаж өгсөнд баярлаж байна;
    Дахиад уншихгүй бол мартаж эхэлж байгааг үзвэл энэ үг их хоосон болтой;
    Урагшлах замд уруудсан нэг нь сэхээрэх л биз;
    Урт зам туулж ойлгосон бол бусдадаа товчыг нь илчлэнэ биз;
    Өдөр бүр өөр хүнтэй таарах ч;
    Өнөөдөр би сэхээтэнтэй таарсан;

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *